Sunday, April 7, 2013

Элийрэл

Ганцаардын өтгөн манан дунд байрлах 
Ганцхан жижиг байшин

Надаас холдсон мөртүүд сэтгэлийн жаварт хадгалагдан үлдэнэ.
Намайг гэсэн хүмүүс насны эрхэнд тунан хоцорно

Холын хоёр од шиг хослон амьдрахсан 
Хонгор нутгийн салхинд дахиад нэг илбүүлэхсэн

Харцны чинь дор суухсан
Хаан хурмастын жигүүртэй болохсон

Алаг нүдний чинь харцанд ахиад нэг өртөхсөн
Амгалан тайван мэдрэмжийг ахиад нэг мэдрэхсэн

Нүдээ аниад хүслээ шивнэхсэн 
Нүүдлийн шувуудтай хамт алсын газрыг зорихсон 

Олноос онцгойрох зүйлгүй ч 
Орчлонд ганцхан чи 

Зүүдээ манахсан 
Зөнгөөрөө чамтай учирахсан

Гурван жил

Надад гэж хаягласан захидал
Намайг гэж бичсэн чиний мөртүүд

Уулзсан өдрөөс хойш
Учралын аязнаас хойш
Улиран өнгөрсөн гурван жил

Сайхан хайрын эхлэл гэж бодсон мөчүүд
Санаанаас гардаггүй өдрүүд
Санаандгүй холдсон гурван жил

Нүүрэн дүүрэн инээмсэглэсэн хугацаа
Нүглийн хүлээснээс ангижирч
Нүцгэн моддын хажууд үлдсэн гурван жил

Хацар хайрсан жавартай өдрүүд
Хайрын орноор аялсан зүүд
Хар дарж сэрсэн гурван жил

Баяр гуниг ээлжилсэн гурван жил
Тэвчээр хатуужил дунд өнгөрсөн гурван жил
Ээлжлэн өнгөрсөн гурван жил
Элээх энэ өдрүүдэд эцэс төгсгөл гэж байна уу

Wednesday, April 3, 2013

Надтай хамт алхалаач

Нялх ногоо
Дэлгэрч буй цэцэгсийн хажуугаар
Жирэлзэн харагдах амьдралын дундуур
Надтай хамт алхалаач 


Хорчигнон урсах голын дэргэдүүр
Хөвч ногоон модон дунд
Цэцэгт алаг талаар
Надтай хамт алхалаач


Навчис шарласан
Намрын орой 
Шаргал навчис дээгүүр
Надтай хамт алхалаач


Шинэхэн орж буй цаснаар
Шонгийн модны доогуур
Шинэхэн цасан дээгүүр 
Надтай хамт алхалаач